Өгүүлэл (Статья. Article). Орон зай, цаг хугацааны өргөн хүрээнд сонгож авсан баримтад гүнзгий дүн шинжилгээ хийж, түүний учир шалтгааныг гаргах замаар үнэлэлт өгч, дүгнэлт хийдэг шинжлэлт бичлэгийн төрлийг өгүүлэл гэж нэрлэдэг. Өгүүлэл бол нийтлэлийн төрөл зүйлийн дотроос сэдвийн хамрах хүрээ хамгийн өргөн, мэдээллийн багтаамж сайтай, танин мэдэхүйн ач холбогдол өндөр төрөл зүйл бөгөөд гол зорилго нь нийгмийн амьдралын баримт, үйл явдлыг шинжлэн судлах, нэгтгэн дүгнэхэд оршино. Өгүүллийн амин сүнс нь баримт, баримтын нийлбэр цогц байдаг. Өөрөөр хэлбэл, баримт тусгаж буй асуудлын үндэс суурийг бүрдүүлж, зохиогчийн гаргах утга санааны “хэлхээс” болдог. Зохиогч тодорхой нэг баримтын талаар зөвхөн дүгнэх төдийгүй уншигчдыг ямар нэг үзэл бодол, утга санааны зөв бурууд итгүүлэн үнэмшүүлэх үндэслэл болох онцлогтой юм. Тиймээс баримт нь зохиогчийн санаа бодлыг хөгжүүлэхэд эхлэх цэг нь болж, түүнийг “бэхжүүлж” өгдөг. “Өгүүлэл хэмжээний хувьд том, агуулгын хувьд гүнзгий байдгаараа нийтлэлийн хамгийн том зүйлийн нэгэнд ордог. Сонины бичлэгийн ихэнх зүйл үйл явдалд дүн шинжилгээ хийхдээ мэдээлэх аргыг голчилдог бол өгүүлэл үйл явдлыг баримт болгон авч түүн дээрээ тулгуурлан нөхцөл байдлыг нарийвчлан авч үзээд ноцтой үнэлэлт дүгнэлт хийж, уг баримтын нийгмийн ач холбогдлыг тодотгон гаргаж ирдэг” (56.77). Өгүүлэл мэдээллийн бичлэгийн төрөл шиг үйл явдлыг тайлагнах, нийтлэл-уран сайхны бичлэгийн төрөл шиг сэдвийг уран сайхны аргаар боловсруулах биш нийгмийн судалгаа руу гүнзгий хандаж, хүмүүсийг тодорхой үйл ажиллагаанд уриалан дуудсан, тухайн асуудлын талаар эргэцүүлэн бодоход нөлөөлөх шинжтэй байдаг. Өгүүллийн зохиомж нь логик холбоо сайтай, утга санаа, баримтуудын хоорондох холбоо бат бөх, зөвхөн нийтлэлийн өнгө аясаар бичигддэгээрээ бусад төрөл зүйлүүдээс ихээхэн ялгаатай юм. Өгүүллийн бүтэц зохиомжийн нэг гол онцлог шинж нь нийгмийн амьдралын чухал асуудлыг өргөн хүрээнд тусгах, гүнзгий судлах нийтлэлийн чухал хэлбэр болохын хамт уншигчдад асуудлын гол санаа, утга учрыг тодорхой баримт, дүгнэлт, үндэслэлд тулгуурлан хүргэхэд оршино. Өгүүлэлд зохиогч үнэн бодитой баримтыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, логик дарааллын дагуу өгүүлэх замаар тодорхой нэг утга санааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, тайлбарлан таниулах зорилго тавьдаг. Өгүүллийг зохиогчийн өмнөө тавьсан зорилго, бичлэгийн аргын хувьд редакцийн, сурталчилгааны, шинжлэх ухааны, асуудал дэвшүүлсэн, тайлбар, өгүүлэл-эргэцүүлэл гэж ангилж болно. Өгүүллийн чанар, ач холбогдол, үнэ цэнэ нь сэдвээ зөв сонгох, оновчтой бүтэц зохиомж хийх, зөв найруулан бичих, баримтуудыг оновчтой задлан шинжилж, үндэслэл сайтай үнэлэлт өгч, дүгнэлт хийх үйл ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Энэ бол өгүүлэл бичигчийн ур чадвартай холбоотой юм. Ур чадвар гэдэг бол аль нэг үйл явдал, үзэгдлийн мөн чанар, аль нэг утга санааны зөв буюу бурууг уншигчдад товч, тодорхой үзүүлэх, түүнд уншигчдыг үнэмшүүлэн идэвхжүүлэх чадвар мөн. Энэ бол өгүүлэл сэтгүүлчээс ямагт өндөр ур чадвар шаарддаг гэсэн үг юм.
|